АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 он гарсанаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын 140 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл болон Өвөрхангай аймгийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдсан 9 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тодруулбал: 2 хүнд 2 жилээс 6 жил, 9 сарын хугацаатай хорих ял, 4 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял, 2 хүнд торгох ял, 1 хүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэвэл: 

Г.С нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албаны эрх нөлөөг ашиглаж, шууд удирдлагадаа ажиллаж байсан ИТХ-ын нарийн бичгийн дарга П.О-д хууль бусаар нөлөөлж, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 18, 2024 оны 2 дугаар сарын 10-наас мөн оны 4 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд БНСУ руу хувийн ажлаар явсан атлаа ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр ажилласан цагаар тооцуулж, 7,8 сая төгрөгийн илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.С-ийг нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 3 сараар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

П.О-г мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа