Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газартай хамтран Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байгааг шалгалаа.
Тус аймгийн Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 2023 оны 10 сараас 2024 оны 3 сар хүртэл хугацаанд нийт 64 гомдол, мэдээлэл ирснээс цагдаагийн байгууллагад 27-г нь мэдэгдэж, бусад гомдол, мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ аваагүй болох нь дээрх шалгалтаар тогтоогдсон байна.
Тиймээс Хүүхдийн тусламжийн 108 дугаарт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн дагуу авч буй хариу арга хэмжээ хангалтгүй байгаа талаар Өвөрхангай аймгийн Засаг даргад болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт албан бичиг хүргүүлжээ.
Мөн гомдол, мэдээллийг сайтар судалж, хүүхдийн эрх зөрчих, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг бодитой явуулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, баг, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар