ХУЖИРТ СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХУЖИРТ СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас тус аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны 3 дугаар улирлын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ хийхэд Хужирт сумд гэмт хэрэг, зөрчил хамгийн их бүртгэгджээ. Тухайлбал: согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг 80 бүртгэгдсэнээс 47.5 хувь, зөрчил 416 бүртгэгдсэнээс 37.6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 58 бүртгэгдсэнээс 41.8 хувь нь зөвхөн Хужирт сумд үйлдэгджээ.

Үүнтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, цагдаагийн хэлтэс, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран Хужирт суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж, нийт 150 орчим иргэн оролцсон байна.