Сүүлийн үед банкны салбарын цахимжилт хурдацтай өсөж байгаатай зэрэгцэн мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл үүсэж, иргэд цахим залиланд өртөх тохиолдол их гарч байна. Иймд Өвөрхангай прокурорын газраас санаачлан “Цахимд нягтал-залиланд бүү хуурт” хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Насан туршийн суралцахуйн төв, Өвөрхангай аймаг дахь Монгол банк, арилжааны банкны төлөөлөл, орон нутгийн иргэд оролцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээр цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, банкны салбарт гарч буй цахим залилангийн шалтгаан нөхцөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Аймгийн прокурорын газраас зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч, хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим залиланд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд яриа таниулга хийлээ.
Мөн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдүүдийн дунд “Мөнгөө ухаалгаар удирдах нь: Цахимд нягтал-залиланд бүү хуурт” сэдэвт илтгэлийн уралдааныг зарлаж, дүгнэлээ.
Уралдаанд оролцогч хүүхдүүд “Хамгийн хариуцлагагүй хүн 1-6 хүртэлх оронтой нууц үгийг хийж банкны мэдээллээ бусдад алдсаны улмаас хохирогч болдог. Тиймээс цахим залиланд өртөхөөсөө урьтаж банкны нууц кодоо тогтмол сольж, бусад хүнд хэлэхгүй байх ёстой”-г дурджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар