Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах ажлыг идэвхжүүлэх, талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 7 сумдын удирдлага, хууль хяналтын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Cум дундын Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Орхоны хөндийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалтын газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Прокуророос "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа, анхаарах асуудал", Цагдаагийн хэлтсээс "2026 оны 1 дүгээр улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал" сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөн зүйл, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг дарга нараас харьяа нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж буй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, согтуурсан, мансуурсан үедээ давтан жолоодох, гэр бүлийн хүчирхийлэл, цахим залилангийн гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар, түүнээс урьдчилсан сэргийлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, мэдээллээр хангах ажилд хуулийн байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Мөн гэрч, хохирогч, хүүхэд хамгаалах байр, тээврийн хэрэгслийг түр саатуулах байр, камержуулалтыг нэмэгдүүлэхэд гаргах санхүүжилтийг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, сумдын ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг чадавхжуулах, гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хамтарсан сургалт сумдад зохион байгуулах, энэ чиглэлийн мэргэшсэн мэргэжилтэнг урих зэрэг ажлуудыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газар