Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 94 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэвэл:
- Д.Н нь нийтийн албан тушаалтан буюу ... аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, үнэлгээний хорооны даргаар, Б.П нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/307 дугаартай захирамжийн дагуу “...Эрүүл мэндийн салбарын их засвар тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тендерт оролцогчдоос зөөврийн компьютерийн үзүүлэлт “i7” гэсэн үзүүлэлт, шалгуурыг хангаагүй “Н... ” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал олгож, төсөвт 86 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Н, Б.П нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасаж, Д.Н-д 7 сая төгрөгөөр торгох, Б.П-д 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний хариуцагч “Н... ” ХХК-иас 28,8 сая төгрөгийг гаргуулан тус аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.
Иргэн танд:
Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газар