Өвөрхангай аймгийн прокурорын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Прокуророос барилга байгууламжийн стандартад хийсэн дүгнэлтээ танилцуулж, төрийн болон төрийн бус байгууллага, нийтийн орон сууцны барилгын орон зайд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан төлөвлөлтийг стандартад нийцүүлэн хийхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хүний эрхийг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, сайн туршлагуудын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үр дүнд Арвайхээр хотод худалдаа, үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг “Хангамж” худалдааны төв нь бусад байгууллагаа уриалан эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, зам, ариун цэврийн өрөө, цахилгаан шат зэргийг стандартад нийцүүлэн байршуулахаар боллоо.
Цаашид аймгийн прокурорын газраас Газрын харилцаа, хот байгуулалтын газартай хамтран аймгийн хэмжээнд байгаа барилгуудыг “MNS 6055:2009 Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай стандарт”-ыг мөрдүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар